avatar

Арабын Нэгдсэн Эмират улсын алдарт Дубай хотоор аялахыг хүсвэл...

2011-07-03,23:17
Аялал ба Амжилт...

Танилцуулга

Дубай бол АНЭУ-ын 7 эмиратын нэг бөгөөд Арабын хойг дээр Персийн булангийн урд талд оршино. Дубай нь аялал жуулчлал, худалдааны төв бөгөөд газар зүйн хувьд ашигтай байрлалд байрладаг.Эрт дээр үеэс Дубайг худалдаачдын хот гэж нэрлэдэг. 150 жилийн тэртээгээс Дубай Персийн булангийн хамгийн чухал боомт хот болон хөгжсөн.Энд арабаар "сук" гэж нэрлэгдэх бүс нутгийн хэмжээний томоохон зах зээл оршдог байна.
Энд 1966 онд газрын тосны томоохон орд нээгдэж Дубай болон Катарын эмират Персийн булангийн орнуудад хэрэглэгдэж байсан мөнгийг сольж шинэ мөнгөн тэмдэгт нэвтрүүлсэн. Газрын тосны зах зээл нь гадаад орны ажиллагсад ихээр ирэх нөхцөлийг бүрдүүлэн маш бонино хугацаанд Дубай хот 300% -иар өргөжин тэлсэн төдийгүй газрын тосны зах зээлийг олон улсын хэмжээнд сонирхож эхэлсэн.
Одоогийн Дубай эмират нь Их Британчуудыг энэ нутгаас явсны дараа буюу 1971 онд байгуулагдсан. Энэ цаг үед Дубай нь Абу-Даби болон бусад 4 эмиратын хамт Арабын Нэгдсэн Эмират Улсыг байгуулсан. 1973 онд Катартай хамтран ашиглаж байсан мөнгөн тэмдэгтийг болиулж АНЭУ-ын дирхам мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлсэн.


1979 онд Жебел Али боомт орчимд худалдааны чөлөөт бүс байгуулагдсан нь гадаадын компаниудад хөдөлмөрийн хүчийг чөлөөтэйгээр оруулах, хөрөнгийг экспортлох боломжийг олгосон байна. 1990 оны Персийн булангийн дайн Дубай хотын хөгжилд санхүүгийн хувьд сөрөг нөлөө үзүүлсэн түүхтэй. Өнөөдрийн Дубай нь бизнесийн зангилаа хот, АНЭУ-ын төдийгүй дэлхийн санхүү, бизнес, аялал жуулчлалын томоохон төв болсон байна.
"Дэлхийн хамгийн өндөр барилга" гэх 162 давхар, 828 метр өндөр, гадна фасадыг 26,000 ширхэг шилэн хавтангаар бүрсэн гэх Burj Dubai дэлхийн нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Дубай хот 2,3 сая хүн амтай.

Үүний зэрэгцээ тус хотод маш олон сонирхолтой төслүүд хэрэгжиж байна. Дал модны болон дэлхийн бөмбөрцгийн тивүүдийг илэрхийлэн харуулсан хэлбэр бүхий хиймэл арлуудыг эргийнхээ ойролцоо байгуулж, олон гоёмсог хаус, ордуудыг түүн дээрээ барьж босгосон байна. Дубай хот газрын тосноос олсон валютаар элсэн дунд сүндэрлэж буй гандирсын хот болж байна.

Уур амьсгал

Дубай хотын уур амьсгал маш халуун бөгөөд энэ хот нь дэлхийн хамгийн халуун хотуудын нэгд тооцогдоно.Хамгийн дулаан буюу 8 дугаар сарын дундаж температур +35,5 °C байна.Заримдаа +50 °C хэм хүрдэг удаа байна.Өвөл нилээн сэрүүн ба шөнөдөө хүйтэн байна. Нэгдүгээр сарын дундаж температур +19 °C байна.




Хотын түүх

1820 оны 1 сарын 8-нд Дубайн шейх ба бусад шейхүүд Британы Засгийн Газартай "Далайн энхийн нийтлэг гэрээ"-нд гарын үсэг зурсан байна. Гэвч 1833 онд Аль-Мактум угсаатныхан Абу-Дабиг зохицуулахаа больж Фасала отгийн Абугаас ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр Дубайг авсан.Дубай нь 1892 оны тусгай гэрээний дагуу Их Британы Нэгдсэн вант улсын удирдлагаас гарсан.Энэ гэрээгээр Дубайг Османы эзэнт улсын аливаа халдлагаас хамгаалах тухай тохиролцсон байсан. XIX зууны туршид Дубай томоохон 2 аюул сүйрэлтэй тулгарсан.1841 онд цагаан бурхан өвчиний тахал дэлгэрч оршин суугчдыг Дейрагаас зүүн тийш нүүлгэн шилжүүлсэн.1894 онд Дейра түймэрт өртөн олон байшин , орон сууц устсан.Гэсэн хэдий ч Дубайн газар зүйн байршил бүхий л худалдаачдын сонирхолыг татсан хэвээр байв. Дубайн эмир гадаадын худалдаачдыг өөр рүүгээ татахыг ихэд хүсэн татварыг бага хэмжээгээр ногдуулах арга хэрэглэсэн явдал нь тухайн үедээ бүс нутгийн худалдааны гол төв байсан Шаржийн худалдаачдын анхаарлыг татсан байна. 1940 он хүртэл Дубай багахан тосгон байсан ба хүмүүс нь сувд олборлон түүгээр хоол тэжээлээ олдог байсан.Харин Японд хиймэл аргаар сувд гаргадаг аргыг ашигласанаар сувдны хэрэгцээ эрс багассан хямрал үүссэн.Энэ үед газрын тос олдон бүх зүйл өөрчлөгдөж Дубайд болон АНЭУ-ын хэмжээнд их бүтээн байгуулалтын давалгаа эхэлсэн.


Эдийн засаг

Дубайн дотоодын нийт бүтээгдхүүн 2008 онд 82,1 тэрбум ам.доллар байв. Дубайн эдийн засгийн эх үүсвэр нь газрын тос бөгөөд өдөрт 50000-70000 баррель үйлдвэрлэдэг байна. Дубай нь гол бүтээгдхүүнээ Энэтхэг, Швейцар,Саудын Арабт экспортлодог.Мөн Энэтхэг,Иран, Ирак зэрэг орнууд Дубайн реэкспортын гол цэгүүд юм.Дубай эмиратын гол импортлогч нь Энэтхэг, БНХАУ,АНУ байна. Дубайн Жебел Али боомт 1970 онд баригдсан ба чингэлэг тээврийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог томоохон боомт юм. Дубай нь мэдээлэлийн технолог,санхүүгийн чөлөөт зах зээлийн гол төв мөн. Их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг байршуулах томоохон төслүүд хэрэгжиж тэнгэр баганадсан сүрлэг байшин, маш том байгууламж баригдаж байна. Тэдгээрээс Эмиратын цамхаг, Бурж Халиф,Дал модны арал, Бурж Ал Араб зочид буудал, Дубайн санхүүгийн зах зээл зэргийг дурьдаж болно.



Аялал жуулчлал

Дубайн Засгийн газрын бодлогын анхаарлын төвд байдаг гол асуудал бол аялал жуулчлал бөгөөд энэ нь тус эмират руу гаднаас бэлэн мөнгө оруулахад чухал ач холбогдолтой юм. Дубайн хувьд жуулчлагчдын сонирхлыг татах гол зүйл нь худалдаа хийх, эртний түүхт газрууд болон орчин үеийн аварга бүтээн байгуулалтыг үзэх явдал юм. 2007 оны байдлаар Дубай нь аялагч олноор ирдэг дэлхийн 8 дахь хот болсон байна. 2015 он гэхэд 15 гаруй сая жуулчин ирүүлэхээр төлөвлөж байна. Дубайг Ойрх Дорнодын худалдаа, шопингийн хот гэдэг. Дубайд 70 гаруй худалдааны төв байх ба дэлхийд томоороо 7-д орох Dubai Mall оршино. Дубай нь алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр олон байдгаараа алдартай бөгөөд энд Gold Souk хэмээх үнэт эдлэлийн зах үйл ажиллагаа явуулдаг.Мөн Дубай хот Абу-Даби хотын адил лалын олон гоёмсог сүмүүдтэй.


Жумейра лалын сүм

Энэхүү сүм нь орчин үеийн лалын барилга архитектурын хамгийн шилдэг шийдлийг ашиглан дундад зууны фатимид хэв маягаар баригдсан учир гэрэл зурагчид, аялагчдын сонирхолыг ихээр татдаг юм. Нэн ялангуяа шөнийн гэрэлд улам гоёмсог харагддаг.




Бурж Дубай цамхаг

Дэлхийн хамгийн өндөр барилга бол Дубайн цамхаг. Энэ цамхгийг арабаар Бурж Дубай (Burj Dubai) гэж нэрлэдэг юм. Цамхаг 828 метр өндөр, 162 давхар юм. Цамхагийн нээлт 2010 оны 01 сарын 04-нд болсон. Энэ цамхагийн төслийг БНХАУ-ын Шанхай хотод байдаг Жин Ма цамхагийн төсөлд оролцож байсан америкийн архитектурч Эдриан Смит зохиожээ. Байгууламжийн нийт өртөг ойролцоогоор 1,5 тэрбум ам. доллар. Эл комплексын дотор зочид буудал, орон сууц, офис, худалдааны төв байрлана. Цамхаг нь нар, салхины эх үүсвэрээр өөрийн цахилгаан эрчим хүчээ хангадаг. Цамхгийн 124 дүгээр давхарт орчин тойрны газрыг харах талбай байх агаад харин цамхгийн бараа 90 километрийн зайнаас харагдана.


Бурж Аль Араб зочид буудал

Бурж аль-Араб нь Дубайн хамгийн тансаг зочид буудал бөгөөд тус хотын нэрийн хуудас юм. Зочид буудал нь хиймэл арал дээр баригдсан. Хэлбэр нь далбаат завьтай төстэй. 1994 оноос баригдаж эхлэн 1999 оны 12 сарын 01-нд анхны зочноо хүлээн авсан. Дээд талд нь нисдэг тэрэг буух талбай байна. «Бурж аль-Арабе» зочид буудал нь 180 м өндөр лоббитой , 202 өрөөтэй. Хамгийн бага өрөө нь 169 км.м , хамгийн том нь 780 кв.м талбайг тус тус эзэлнэ.Буудлын нэг шөнө хоноглох үнэ нь 1000-15000 доллар, Royal Suite нь ойролцоогоор 28000 доллар байна. Энэ буудал нь 7 одтой.Бүх өрөөнүүд нь маш тохилог, үнэтэй тавилга тавьж хамгийн орчин үеийн техник, дизайн ашигласан байна. Энэ зочид буудлын интерьер 8000 кв.м талбайг 22 каратын алтаар бүрсэн. Буудал нь 60 давхар бөгөөд 321м өндөртэй.Шейх Зайдагийн гудамж
Олон улсын худалдааны Дубайн төв Шейх Зайдагийн гудамжны дагуух орчин үеийн бизнесийн дүүргийн төвд оршино. Энэ гудамжинд орших ган ба шилээр барьсан хамгийн орчин үеийн тэнгэр баганадсан сүрлэг байшингууд нь Дубай хотын гадаад дүр төрхийг харуулна.



Atlantis the palm зочид буудал

Энэхvv зочид буудал нь Palm Jumeirah нэртэй хиймэл арал дээр байрладаг бөгөөд зөвхөн нээлтэндээ л гэхэд 30 сая гаран доллар зарцуулж байгаагаараа дэлхийн хамгийн өндөр vнэтэй нээлт хийгдсэн хэмээн шагшигдаж байгаа юм байна. Олон улсын амралт зугаалгын газраар дэлхийд тэргvvлэгч Kerzner International болон Дубайн Istithmar хэмээх хөрөнгө оруулалтын компанитай хамтран байгуулагдсан энэхvv "Atlantis" зочид буудал нь 1539 өрөөтэй. Тансаг зэрэглэлийн энэ зочид буудлын хамгийн vнэтэй өрөө нь 24 цагийн 20.000 долларын vнэтэй. Зочид буудлын хоёр цамхаг нь Bridge Sweet нэртэй гvvрээр холбогддог бөгөөд 15 ресторантай, мөн далайн ёроолыг санагдуулам асар том аквариумд нь аварга загас, дельфинvvд сэлж байдаг юм байна.



"The Palm","The world" хиймэл арлууд

Дубайд "Пальм Жумейра","Пальм Жебел Али", "Пальм Дейра" гэсэн 3 хиймэл арал байна.Эдгээр арлууд нь дал модны хэлбэртэй ба дээд тал нь хавирган сараар хүрээлэгдсэн байх ба дээр нь олон тооны амралт зугаа цэнгэлийн газрууд байна. Дал модны мөчрийн тоо нь өөр өөр байна. Эхний 2 арлыг байгуулахад ойролцоогоор 100 сая куб метр чулуу, элс орсон. "Пальм Дейра" арлыг байгуулахад 1 тэрбум куб метр чулуу, элс орно. "Пальм Жумейра" арлыг 2001 оны 06 сард байгуулж эхэлсэн. "Пальм Дейра" арал 46,4 км. кв талбай эзлэх ба 2004 онд байгуулж эхэлсэн бүтээн байгуулалтын ажил 10-15 жил үргэлжилнэ. "Пальм Дейра" арлыг "Пальм Жумейра"-аас 8 дахин, "Пальм Жебел Али"-аас 5 дахин том байх, мөн энд 1 сая хүний орон сууц барихаар төлөвлөсөн байна. "Дэлхий" хэмээх дэлхийн газрын зурагтай төстэй хиймэл арал нь Дубайн эргээс 4 км-т оршино.Энэ арал доторх арлууд нь 14000-42000 км.м талбай эзэлнэ. Арлуудын хоорондхи зай 100 м орчим байна. Энэ арлын өртөг нь 2005 онд 14 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан.Эдгээр арлуудыг Дубайн захиргаанд харъяалагддаг Al Nakheel Properties Компани эдгээр хиймэл арлуудыг барьж байна.Арлуудыг 15-250 сая ам.доллараар худалддаг.
















Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax